Эрүүл мэнд бол аз жаргал, гоо сайхны үндэс

Эцэг, эхчүүд, хүүхэдтэй ажилладаг хүмүүс болон эрүүл мэнддээ санаа тавьдаг хүн болгонд зориулав

2/1/08

Булгарсан шүдийг аврах

Хүүхэд унаад амаа хүчтэй цохин шүд нь сугараад буюу булгараад уначихлаа. Ямар арга хэмжээ авах вэ?

1,Хүүхдийнхээ байдлыг дүгнээрэй.(Ухаан алдах, өөр амь насанд нь аюултай гэмтэл авсан бол яаралтай арга хэмжээ, түргэн тусламж дуудаарай)
2,Булгарсан шүдийг шууд хатаалгүй сүү ч юм уу, физиологийн уусмалаар угааж шороог нь арилгаад физиологийн уусмалд дүрээд яаралтай шүдний эмчид очно. Хэрэв уусмал хийх боломжгүй бол усаар угаасны дараа өөрөө эсвэл хүүхэддээ хүлхүүлээрэй. Шүдний сурвалж нь хатчихвал буцааж суулгах боломжгүй болдог.
Физиологийн уусмалыг яаралтай үед яаж хийх вэ гэвэл
ус - 4 цайны аяга буюу 1л ус
давс- 2 цайны халбага буюу 8-10 г
холиод л боллоо.

Бас нэг анхаарах зүйл юу вэ гэвэл шүд булгарсны дараах 30 минут тутамд буцаж эрүүнийхээ ясанд тогтох магадлал эрс буурдаг.
Ер нь шууд илрэх гэмтэл аваагүй байсан ч шүдний эмчид очиж бүрэн бүтэн эсэхийг нь шалгуулах хэрэгтэй. Учир нь шүдний дотор байдаг зөөлөн эд (зөөлц)нь гэмтээд арга хэмжээ аваагүй тохиолдолд хэсэг хугацааны дараа шүдний өнгө дотроосоо хувирдаг. Өнгө нь хувираад удсан шүдийг эргэн хэвийн өнгөтэй болгох хүндрэлтэй байдаг.

Залуухан мөртлөө үүдэн шүд хийлгэх хүсэлтэй хүмүүс янз бүрийн шалтгаанаар шүдээ алдсан байдаг. Гэвч дээрх мэдээллийг мэддэг хүмүүс олон байх тусам шүдний эмч хүүхэд, залуучуудад хиймэл шүд хийх шаардлагагүй болно байх гэж найдаж байна.

Эцэг эх, ясли цэцэрлэг, сургуулийн багш нар маань физиологийн уусмал бэлтгээд, хуванцар саванд хийгээд хөргөгчинд хадгалсан байхад яаралтай үед хэрэг болж магадгүй юм.

No comments: