Эрүүл мэнд бол аз жаргал, гоо сайхны үндэс

Эцэг, эхчүүд, хүүхэдтэй ажилладаг хүмүүс болон эрүүл мэнддээ санаа тавьдаг хүн болгонд зориулав

2/1/08

Хүүхдийн нийгэм, зан үйлийн хөгжил

Хүн багаасаа зан үйлд суралцан үүн дээрээ тулгуурлан ямарваа нэг нөхцөлд хариу урвал үзүүлдэг. Харин хүүхэд зан үйлд хэрхэн суралцдагийг сэтгэл судлаачид 3 механизмаар тайлбарладаг.

1. Classical conditioning
Оросын физиологч Павлов өлсөглөн амьтанг ашиглан туршилт явуулснаар энэ механизм тодорхой болсон юм.
Жирийн үед хонх дуугарахад нохойн шүлс асгарахгүй. Харин хоол харахад шүлс нь рефлексээр ялгардаг. Гэвч хонх дуугаргасны хоол өгөх туршилтыг хэдэн удаа давтахад, богино хугацаанд хоол байхгүй байсан ч хонхны дуугаар шүлс нь асгардаг болдог. Үүнийг нөхцөлт бус рефлекс эсвэл нөхцөлт бус зан үйл буюу classical conditioning гэдэг.
Нөхцөлт зан үйл нь бага насны хүүхэд анх удаа эмчид үзүүлэх үед чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд өвдөлтийг мэдрэх үед үзүүлдэг рефлекс бол уйлах, зугтах үйлдэл юм. Жишээ нь, хүүхдийн хувьд дан цагаан халат өмссөн хүмүүсийн дунд орох нь хэвийн үзэгдэл биш ба энэ үед тарих гм өвдөлт мэдэрвэл дараагийн удаа эмнэлэгт ирэхээс айн уйлах, өвдүүлэхээргүй үйлдэл байсан ч гэсэн уйлах,өвдөлт гэж хүлээн авдаг.

Ийм маягийн таагүй туршлага цааш нь бусад уур амьсгал, орчинтой холбогддог ба цагаан халат байхгүй байсан ч эмнэлгийн үнэр, байшин, хүлээн авах зэрэгтэй холбогддог. Мөн таагүй туршлага амссан байдалтай төстэй нөхцлийг таагүй "байдалд оруулах нь" гэж ерөнхийлж ойлгох нь олонтой.

Таагүй туршлага дахих буюу эмнэлэгт очих тоолонд нь өвдүүлээд байвал хаширдаг. Нэгэнт хаширчихвал энэ нь яваандаа айдас болж хувирдаг. Шүдний эмчээс айх айдас үүсэх нь бага насанд тохиолдсон таагүй туршлагаас болдог ба хүүхэд 4 нас хүртэл өөрийнх нь төлөө, өөрийнх нь төлөө бус үйлдлийг ялгах чадваргүй байдаг.Харин таагүй туршлага ахин давтагдахгүй байвал тэр нь аажмаар мартагдаж эхэлдэг.

Харин нэг газар очих болгонд нь өвдүүлээд өөр газар очихоор өвдүүлэхгүй байвал үүнээс зөвхөн өвдүүлдэг газарт очихоос зугтдаг ба ялгаварлалт үүсдэг.

Иймээс эмнэлэгт анх өвчнөөр очин тариа тариулсан бол өөр эмнэлэгт очсон ч айн уйлах нь анхны ирэлтээр олон ажиглагддаг. Яваандаа дахин дахин очсоор өвдүүлэхгүй гэдгийг мэддэг болох юм бол эмч, хүүхэд хоёрын хооронд харилцан итгэлцэл үүсэн эмчилгээ ч амжилттай явагддаг. Харин эцэг эхчүүд маань анх удаа шүдний эмнэлэгт ирэх үед хүүхэд уйлахыг зөвөөр ойлгох хэрэгтэй болов уу. Шинжилгээ өгөх, вакцин тариулах гэх мэт эмнэлгийн ажилбаруудаас болсон туршлага нь хүүхдэд мартагдаагүй байдаг. Иймээс хүүхдээ яагаа ч үгүй байхад уйллаа гэж загнах эсвэл анх удаа ирсэн хүүхдийг минь уйлууллаа гэж эмчид гомдолгүй, дараагийн удаа эмнэлэгт ирэн хүүхдээ дасгаж эмчилгээг дэмжихийг зөвлөж байна. Мөн эцэг эхчүүд эсвэл эмнэлгийн туслах ажилтан хүүхэдтэй ярилцан эмчийн үйлдлийг зөв ойлгуулж хүүхдээр "баярлалаа" гэж хэлүүлж буцаах нь дараагийн ирэлтийн үед эерэгээр нөлөөлнө. Мөн багаас нь "баярлалаа" гэдэг үгийг хэлүүлж сургах нь зөв хүмүүжлийн эхлэл болов уу.

Хүүхэдтэй ажилладаг эмнэлгийн ажилтнуудад зөвлөхөд уйлж ирсэн хүүхдийг уйлсан чигээр нь буцаалгүй, эмчилгээний үед хүүхэд уйлсан ч дараа нь аргадан, тайлбарлаж уйлахаа больсны дараа буцаагаарай. Хэдийгээр таны хийсэн үйлдэл хүүхдийн төлөө байсан ч үл ойлголцлоор хүүхдийг буцаавал сэтгэлд нь өртэй болж байна гэсэн үг.

Дараагийн бичлэгтээ үлдсэн 2 механизмын талаар бичье.

Лавлах: Contemporary orthodontics

Булгарсан шүдийг аврах

Хүүхэд унаад амаа хүчтэй цохин шүд нь сугараад буюу булгараад уначихлаа. Ямар арга хэмжээ авах вэ?

1,Хүүхдийнхээ байдлыг дүгнээрэй.(Ухаан алдах, өөр амь насанд нь аюултай гэмтэл авсан бол яаралтай арга хэмжээ, түргэн тусламж дуудаарай)
2,Булгарсан шүдийг шууд хатаалгүй сүү ч юм уу, физиологийн уусмалаар угааж шороог нь арилгаад физиологийн уусмалд дүрээд яаралтай шүдний эмчид очно. Хэрэв уусмал хийх боломжгүй бол усаар угаасны дараа өөрөө эсвэл хүүхэддээ хүлхүүлээрэй. Шүдний сурвалж нь хатчихвал буцааж суулгах боломжгүй болдог.
Физиологийн уусмалыг яаралтай үед яаж хийх вэ гэвэл
ус - 4 цайны аяга буюу 1л ус
давс- 2 цайны халбага буюу 8-10 г
холиод л боллоо.

Бас нэг анхаарах зүйл юу вэ гэвэл шүд булгарсны дараах 30 минут тутамд буцаж эрүүнийхээ ясанд тогтох магадлал эрс буурдаг.
Ер нь шууд илрэх гэмтэл аваагүй байсан ч шүдний эмчид очиж бүрэн бүтэн эсэхийг нь шалгуулах хэрэгтэй. Учир нь шүдний дотор байдаг зөөлөн эд (зөөлц)нь гэмтээд арга хэмжээ аваагүй тохиолдолд хэсэг хугацааны дараа шүдний өнгө дотроосоо хувирдаг. Өнгө нь хувираад удсан шүдийг эргэн хэвийн өнгөтэй болгох хүндрэлтэй байдаг.

Залуухан мөртлөө үүдэн шүд хийлгэх хүсэлтэй хүмүүс янз бүрийн шалтгаанаар шүдээ алдсан байдаг. Гэвч дээрх мэдээллийг мэддэг хүмүүс олон байх тусам шүдний эмч хүүхэд, залуучуудад хиймэл шүд хийх шаардлагагүй болно байх гэж найдаж байна.

Эцэг эх, ясли цэцэрлэг, сургуулийн багш нар маань физиологийн уусмал бэлтгээд, хуванцар саванд хийгээд хөргөгчинд хадгалсан байхад яаралтай үед хэрэг болж магадгүй юм.

Эхлэл

Өдөр тутмын амьдралд тань хэрэг болж магадгүй гэж бодсон зүйлээсээ мэдээллэж байх болно. Ийм юмны талаар мэдмээр байна гэсэн хүсэлт байвал холбоо бариарай. Судлаж байгаад ч болов хариулахыг хичээнэ.